ЕРӨНХИЙЛӨГЧ   ЕРӨНХИЙ САЙД   ШАДАР САЙД   ЯАМД   АГЕНТЛАГ   АЙМАГ   НИЙСЛЭЛ   ДҮҮРЭГ   АРХИВ 
УЛС ТӨР | ЭДИЙН ЗАСАГ | НИЙГЭМ | СПОРТ | ЯРИЛЦЛАГА | НИЙТЛЭЛ | ФОТО МЭДЭЭ | ВИДЕО МЭДЭЭ
Мянга мянган монголчуудыг өрийн боол болгосон ӨДРИЙН ЗЭЭЛ!

Мянга мянган монголчуудыг өрийн боол болгосон ӨДРИЙН ЗЭЭЛ!
Банк, санхүү | 2019-01-04 12:07:31 | УНШИСАН: 204 | admin

Томчууд нь  жижгүүдэд очих ёстой санхүүжилтээр дур зоргоороо дургидаг нь тодорхой болсон энэ үед жинхэнэ “жижиг” хэрнээ ЖДҮ гэх ангилалд багтдаггүй тул мөнгө хүүлэгчдийн л аяыг хардаг 250 гаруй мянган худалдаа эрхлэгчид бий гэсэн судалгаа байна.

ЗЭЭЛ аливаа бизнест ус агаар шиг хэрэгтэй нь гарцаагүй үнэн. Гэхдээ МӨНГӨ ХҮҮЛЭГЧ-дийн зуу, хоёр зуун хувийн хүүтэй мөнгө жижиг худалдаа эрхлэгчдийг өсч өндийлгөөд байна уу, эсвэл өрийн дарамтад улам унагаж, бусдын боол болгоод байна уу гэдгийг тодотгох, шаардлагатай зохицуулалтыг хийх үүрэг ТӨР-ийнх. Тэрнээс хэн нэгэн жирийн иргэн энэ зохицуулалтыг хийж чадахгүй.

  •  2017 онд  гар дээрээс худалдаа эрхэлдэг иргэдийн 57.7 хувь нь өдрийн зээлтэй  байсан бол 2018 онд  70 хувь болж өссөн тухай Монголын худалдаачдын холбооноос дуулгасан юм. Тэгвэл өдрийн зээлтэй худалдаа эрхлэгчдийн тоо өсөхтэй зэрэгцэн мөнгө хүүлэгчдийн хүү ч өссөөр байгааг судлаачид хэлж буй юм. Бид тойрч суугаад арилжааны банкуудын зээлийн хүүг хэрхэн бууруулах тухай цэц булаалдаж байхад,  нийслэлд зарим мөнгө хүүлэгчид өдрийн 10 хувь, жилийн 1200 хувийн хүүтэй зээл өгч буйг “Судлаач клуб”-ын зүгээс эрх баригчдад сануулж байгаа юм. Өдрийн зээл бол зайлшгүй анхаарал хандуулах ёстой том асуудал гэдгийг тодотгоё.

Худалдаа эрхлэгчдийг дэмжих мэт өнгөц төрхтэй ч үнэн хэрэгтээ өрийн боол болгож, өдөр бүр цаг тутамд өндөр хүү нэхэж, дарамталдаг өдрийн зээл гээчийн талаар сурвалжлан, дөрвөн талын байр суурийг тодрууллаа.

“Өдрийн зээл” аваад өндөр хүү, алдангийн бодит бэрхшээлийг биеэрээ мэдэрсэн худалдаа эрхлэгчдийн үгс мөн хуульчийн байр суурь, түүний зэрэгцээ УИХ-ын гишүүний байр суурь, Санхүүгийн зохицуулах хорооны  хандлагыг та бүхэнд хүргэе.

Өдрийн зээл авагч Э.Урантөгс: 34 сая төгрөг зээлээд 120 сая төгрөг болгож төлсөн


-Өдрийн зээл ямар нөхцөлтэй, ямар үр дагавартай болохыг та өөрийн туршлага дээр үндэслэн ярьж өгнө үү? 

-Би  гурван жилийн хугацаанд хоёр хүнээс өдрийн зээл авсан. Зээлж авсан үндсэн мөнгө 34 сая төгрөг. Харин банкны хуулгаа аваад харахад тэдэнд төлсөн бүх мөнгө хүү, алданги, торгуультайгаа нийлээд 120 сая төгрөг болсон. Тэгэхээр би зээлж авсан мөнгөө дөрөв дахин нугалаад төлчихсөн байгаа юм. Гэтэл мөнгө хүүлэгчид  одоо надаас алданги гээд 8 сая төгрөг нэхэмжилсээр байна. Энэ асуудал шүүх дээр байгаа. Цайны газар ажиллуулах гэж хоёр хүнээс 10-30 хувийн хүүтэй мөнгө зээлсэн юм. Гэвч өдрийн зээлийн нөхцөл нь ямар нэг бизнесийн үйл ажиллагааг өргөжих бололцоог үнэхээр олгодоггүй гэдгийг биеэрээ мэдэрлээ. Зээлсэн мөнгөний хэмжээ 1 сая төгрөг гэж бодоод яръя л даа. 30 хувийн хүүтэй тооцоод,  1 сая 300 мянган төгрөгийг сарын 25 хоногт тэнцүү хувааж төлөх нөхцөлтэйгөөр авна. Өдрийн 52 мянган төгрөг төлөх ёстой болно. Надад  мөнгө зээлсэн зээлдүүлэгч өдрийн 17.00 цагаас өмнө мөнгөө төлөхгүй бол цаг тутам 5-7 мянган төгрөгийн алданги тооцдог. Тухайн цаг тутмын бүх алдангиа бүгдийг нь нэмж өгөхгүй бол зээлсэн мөнгө, тохирсон хүүн дээр өр нэмэгдээд л байдаг.

-Гэрээ байгуулахдаа энэ тухай оруулсан уу. Та яагаад заавал өдрийн зээл авах болсон юм бэ. Арилжааны банк юм уу, ББСБ-аас сарын нэг удаагийн төлөлтийн нөхцөлтэй зээл авах боломж байгаагүй юм уу?

-Би өдрийн зээл авах болсон нь Монголбанкны хар жагсаалтад орсонтой холбоотой л доо. Банкнаас 30 сая төгрөгийн зээл авсан байсан. Зээлээ хаах хугацаагаа 14 хоногоор хэтрүүлчихсэн юм. Тэгсэн намайг хугацаа хэтэрсэн зээлдэгчээр хар жагсаалтад хийчихсэн. Би уг нь зээлийн төлбөрөө бүгдийг нь барагдуулчихсан байтал  жагсаалтад оруулсан тул  дахиж банкнаас, ББСБ-аас зээл авах боломжгүй болсон. Барьцаа хөрөнгө байгаад ч банк зээл олгодоггүй юм билээ. Зээлээ төлчихөөд байхад намайг яагаад хар жагсаалтад хийчихэв ээ гэж банкинд гомдол гаргасан. Гэсэн ч таны хувийн зохион байгуулалтгүй байдлаас болсон гэж огт хүлээж аваагүй. Тэгээд л  өдрийн зээл авахаас өөр сонголтгүй болсон юм. 14 хоног хэтрүүлж төлсөн нь миний хариуцлагын асуудал мөн. Гэхдээ хар жагсаалт гэдэг зүйл миний амьдралд үнэхээр сөргөөр нөлөөлсөн.

Мөнгө хүүлэгчидтэй холбогдсоноор би улам хүнд байдалд орсон. Надад мөнгө зээлдүүлсэн хоёр хүн анх зээл өгөхдөө л зээлийн гэрээ нэг удаа хийсэн. Гэрээн дээр  10 хувийн хүүтэй,  өдөр өдөртөө төлнө гэж  тусгаж,  нотариатаар баталгаажуулсан. Гэтэл бодит байдал дээр 30 хувийн хүүтэй, цагийн алдангитай гэдгээ дараа нь  аман байдлаар яриад тохирчихсон. Мөнгө хэрэгтэй байгаа хүн чинь тэгээд ямар ч нөхцлийг дагахад хүрнэ. Хүнд ямар ч асуудал тулгарч болно. Өвдөнө, зовно. Орлого орохгүй байна. Гэнэтийн асуудал гараад мөнгөгүй байна. Харин мөнгө хүүлэгчид мөнгөө л авч, алданги нэмж авч байвал тэдэнд хүний асуудал огт хамаагүй. Ажил үйлчилгээ явуулж байгаа газар ирж сахиж сууна. Гэр оронд олуулаа ирээд гарахгүй, согтуу хүн явуулна. Хаалга цонх нүдүүлнэ. Хүүхдүүд дарамтална. Хөдөө ажиллаж буй нөхөр лүү утсаар ярьж элдэв худлаа зүйл ярина. Байж болох бүх л муу аргыг хэрэглэдэг. Бидний ард цагдаа хүчний томчууд байгаа гэж дээрэлхэнэ. Би өдрийн зээл авснаасаа хойш өдөр бүрийн хүү алданги бодож л амьдарснаас биш ашигтай ажиллая гэж бодож чадаагүй. Өдөр тутмын орлогоо бүгдийг нь тэр дор нь гаргаад байхаар ямар ч үйл ажиллагаа урагшаа явдаггүй юм билээ. Өнөөдөр орлогоо өгчихөөр маргааш нь цайны газрынхаа хоолны махыг авах мөнгөгүй болчихдог. Тэгэхээр эргэлтгүй, өдөр өдрийн өр төлөхөөс өөр зорилгогүй болж хувирдаг. Мөнгө зээлсэн юм чинь  төлөх ёстой байлгүй яахав. Гэхдээ өдрийн зээл гэж энэ өндөр хүүтэй, өндөр алданги тооцдог зээлийг авсан хүмүүсээс өөдөлж байгаа хүн үгүй. Би зах дэлгүүрт худалдаа эрхэлдэг хүмүүсийг сайн мэдэхгүй болохоор өөрийгөө л ганцаараа өдрийн зээл аваад зовоод байна гэж боддог байсан. Гэтэл над шиг хүмүүс маш олон юм билээ.

"Хархорин" захын лангуун дээр 20 настай охин амиа хорлосон шалтгаан өдрийн зээлээ төлж чадахгүй болсонтой нь холбоотой тухай худалдаачид ярьдаг. Өдрийн зээл аваад худалдаа наймаа хийх гэсэн биш орон гэрээ өрөнд өгөөд, хоёр хүүхдээ дагуулаад машиндаа амьдарч яваа хүн бий. Өдрийн зээлийн үндсэн төлбөрөө төлчихсөн уушгины хорт хавдартай хүн эмнэлэгт хоногоо хүлээж байхад, мөнгө хүүлэгчид хашаа байшинг нь аваад, хүүхдүүдийг нь гудамжинд гаргачихсан удаатай. Ерөөсөө өдрийн зээл гэдэг зүйл худалдаачдыг дэмжих биш сүйрүүлж байна. Миний бодлоор үүнийг зогсоох маш энгийн арга бий. Малчны зээл, Оюутны зээл, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зээл гээд хөнгөлөлттэй зээлүүд байдаг шүү дээ. Гэтэл бид жижиг дунд үйлдвэрлэл гэсэн салбарт хамаардаггүй. Завсар нь л үлдээд байдаг. Төр  худалдаачдыг дэмжих зээлийн бодлого гаргавал, жижиг худалдаачид, жижиг цайны газар ажиллуулдаг бид нар мөнгө хүүлэгчдийн өндөр хүүтэй зээлийг авахгүй шүү дээ. Мөнгө хүүлэгчидтэй холбогдсон худалдаа эрхлэгчид үнэхээр хүнд байдалд ордог болохыг биеэрээ мэдэрсэн. Би нөхрөөсөө салсан, орон гэргүй болсон.

Гурван жилийн турш өдрийн зээлээ хэрхэн төлж барагдуулах тухай бодож амьдарсан гэх Э.Урантөгс бүсгүй ийн ярилаа.


20 гаруй жил "Хархорин" зах дээр худалдаа эрхэлсэн,  худалдаачдын зовлон, жаргалыг сайн мэдэх В.Мөнхтуяа гэж энэ эмэгтэй ч өдрийн зээлийн уршигийг биеэрээ мэдэрчээ. 2013 онд н.Үржинбаясах гэж хүнээс  4 сая төгрөг зээлээд, үндсэн төлбөр хүүгээ төлөөд цаана нь сая гаруй төгрөг төлөөгүй  хугацаа хэтэрсэн тул шүүхэд дуудагджээ. Зээлдүүлэгч түүнээс 19 сая 900 мянган төгрөг нэхэмжилсэн аж. Гэхдээ тэр их мөнгийг нэхэмжлэх үндэслэл зээлдүүлэгчид байхгүй гэдэг нь тодорхой болж, В.Мөнхтуяа үндсэн 4 сая төгрөгийг хүүтэй нь төлж байжээ. Тэрбээр мөнгө хүүлэгчид хүнийг олзолдог, захын байцаагчид хүртэл мөнгө хүүлэгчидтэй нийлж дарамталдаг. Худалдаачид туйлдаж байна. Мөнгө хүүлэгчдийн ард эрх мэдэлтэй хүмүүс, урлагийнхан ч байдаг хэмээн ярьсан юм.

Тэгвэл хуульч Х.Бат-Ялалт өдрийн зээлийн талаар дараах байр суурийг илэрхийлж байна. Өдрийн зээлийн улмаас өндөр хүү, алданги төлөх болсон олон  иргэн түүнд хандаж, эрх ашгаа хамгаалуулахыг хүсч байгаа юм.

Х.Бат-Ялалт: Сарын зээл гэх мөртлөө өдөр бүр хэсэгчлэн авах нь хууль бус

-Монгол Улсын Иргэний хууль дээр ийм зээлийн хэлбэрийг хориглочихсон. Зээл гэдэг бол тодорхой хэмжээний мөнгийг тодорхой хугацаанд ашиглуулахаар өгөхийг хэлдэг. Гэтэл өдрийн зээл гэдэг нь 1 сар ч юм уу, 2 сарын хугацаатай зээл гэх мөртлөө тэр тогтсон хугацаанаасаа өмнө өдөр тутам хэсэгчлээд аваад байдаг.  1 сарын хугацаатай зээл олгож байж маргааш өглөөнөөс нь эхэлж мөнгө авахыг шаардаж эхэлдэг нь, нэг гэрээгээр хоёр өөр нөхцлийг тулгаж яваа хэрэг юм. Энэ бол Монголбанкнаас гаргасан тогтоомж, шийдвэрүүдийг зөрчиж байгаа үйлдэл. Хүү гэж юу вэ? Хүүг ямар аргачлалаар бодох вэ гэдгийг зөрчиж байна. Мөн 2000 онд батлагдсан Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль бий. Энэ хуульд  зээлийн үйл ажиллагаа эрхлэхийн тулд  тусгай зөвшөөрөл авч явуулах ёстой гэсэн байдаг. Гэтэл мөнгө хүүлэгчид, ялангуяа өдрийн зээл гэж мөнгө гаргадаг хүмүүс хаанаас ч, хэнээс ч зөвшөөрөл авдаггүй. Тэгсэн хэрнээ байнгын давтамжтайгаар зээлийн үйл ажиллагаа үзүүлж байна. Гэхдээ өндөр хүү, алданги тооцож, хууль бусаар мөнгө хүүлж байна. Хууль хяналтын байгууллагынхан  үүнийг шууд таслан зогсоох боломжтой.

Хоногийн зээлтэй холбоотой хорь гаруй маргаанд оролцоход, бүгд дээр нь л гэрээний тодорхой заалтуудыг хүчин төгөлдөр буст тооцуулах шийдвэр гарч байна. Мөн  мөнгө хүүлэгчдийн нэхэмжилж байгаа мөнгөнөөс маш бага хэмжээний төлбөрийг шүүхээс тогтоох практикууд байна.  Манай хууль хяналтын байгууллага хүсэх юм бол  ард иргэдийг дарамтад оруулаад байгаа энэ хууль бус зээлийг зогсоох эрхзүйн үндэслэл Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийн хүрээнд  хангалттай бий. Хууль бус учраас зогсоох боломж байгаа. Зээлийн үйл ажиллагаа явуулж буй бол яваандаа бүгдэд нь зөвшөөрөл өгөх хэрэгтэй. Хүүгийн дээд хэмжээ тогтоож,  бүгдийг нь бүртгэлжүүлэх хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Б.Жавхлан: Төр оролцож зайлшгүй арга хэмжээ авах хэрэгтэй

Банкны зээлийн хүүг хэрхэн бууруулах вэ гэдэг сэдвээр эдийн засагчид, улстөрчид ярилцаж байх үеэр УИХ-ын гишүүн Б.Жавхлангаас өдрийн зээлийн талаар ямар байр суурь баримталж буйг нь тодрууллаа.

-Банкны зээлийн өндөр хүүг яаж бууруулах вэ гэж энд ярьж байна.  Тэгвэл жижиг худалдаа эрхлэгчид голчлон авдаг Өдрийн зээлийн хүү өндөр, алданги тооцдог талаар бас ярих хэрэгтэй болов уу?

-Төр зохицуулж болдог, Төв банк хянаж болдог санхүүгийн зах зээлийн гадаа байгаа хар зах дээр төр захиргааны шинжтэй оролцож, хүүг хязгаарлаж, энэ зээлийн харилцааг хаах хүртэл арга хэмжээг зайлшгүй авах хэрэгтэй. Төр зохицуулалт хийлгүй  тэр хар захыг оршин тогтнуулаад байхаар арилжааны банкууд, ББСБ-аас зээл авах боломж нөөцтэй зээлдэгчид тэр хяналтгүй зах руу очиж байна. Төр хянах боломжгүй газар зээлийн харилцаа үүсэхэд, иргэдээс өндөр хүү авч байна. Ер нь энэ асуудал дээр төр бодлогоор зохицуулалт хийх шаардлагатай.

-Та сая банк, банк бусаас зээл авах боломжтой хүмүүс хар захаас зээл авч байгаа гэлээ. Эсрэгээрээ Зээлийн мэдээллийн сангийн хар жагсаалтад орсон хүмүүс банкинд хандах эрхгүй болдог тул тэр зохицуулалтгүй хар зах руу очсон бодит жишээ байна л даа?

-Монголбанкны Зээлийн мэдээллийн сан дахь сөрөг түүхийг хэвийн ангилалд шилжүүлэх хоёр ч удаагийн өршөөлийн шинж чанартай арга хэмжээ авагдсан. Зээлийн мэдээллийн сангийн хуульд зааснаар зээлийн түүхчлэлийн мэдээлэл 6 жилийн хугацаатай хадгалагддаг. 6 жилийн дотор зээлдэгч санхүүгийн сахилга батаа сайжруулснаар, эргэн банкинд хандах боломжтой. Энэ бол таны ярьж байгаа эрсдэлийг харьцангуй багасгаж буй зохицуулалт. Зээлийн мэдээллийн санд түүхчлэл хадгалагдах хугацаа хэрэв насан туршид нь байх юм бол их хатуу бодлого болно.

Өдрийн зээлийн талаарх гурван байр суурийг хүргэлээ. Тэгвэл Санхүүгийн Зохицуулах Хорооны хандлага хаашаа чиглэж буйд анхаарал хандуулъя.

Санхүүгийн Зохицуулах Хорооны хувьд зохицуулалтад нь байдаг дөрвөн салбарын чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрх авсан байгууллагууд өдрийн зээл гаргадаггүй. Тиймээс иргэд хооронд зээл авч өгсөн тохиолдолд хориглох эрх байхгүй гэсэн байр суурийг илэрхийлж байна.

Гэхдээ Өдрийн зээлийн цаана ББСБ-ууд байна гэсэн мэдээллүүд гарсны дараа СЗХ-оос мэдэгдэл гаргахдаа  “Иргэний хуулийн 452 дугаар зүйл, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай болон холбогдох бусад хууль, тогтоомж, Хорооноос батлан мөрдүүлж байгаа журам, заавруудаар ББСБ-ууд өдөр тутмын төлөлт нэхэх, 100 хувиар нэмэгдүүлсэн хүү тооцох нөхцөл бүхий “нэг өдрийн зээл” олгох эрхгүй болно.  Хэрвээ ББСБ-ууд эдийн засгийн өнөөгийн хүндрэлтэй байдлыг далимдуулан ёс зүйгүй үйлдэл гаргаж, зохисгүй, хатуу нөхцөлтэй зээл олгон, зээлдэгчдэд өрийн болон хүүгийн дарамт үүсгэж, тэдний амьжиргааны эх үүсвэрийг барьцаалах үйл ажиллагаа явуулж байгаа бол үүнийг хууль бус гэж үзэх үндэслэлтэй тул Хороонд хандан, зохих хууль, журмын дагуу шийдвэрлүүлэхийг ард иргэд, бизнес эрхлэгчдэд зөвлөж байна. Харин иргэд хоорондоо сайн дурын үндсэн дээр гэрээ байгуулж, зээлийн харилцаа үүсгэхийг Хорооны зохицуулалт болон хууль, журам, хяналт, шалгалтын арга хэрэгслүүдээр хязгаарлах боломжгүй боловч зээлийн гэрээг хэт нэг талыг барьж байгуулах нь тэгш зарчим, шударга ёс, эрх зүйн холбогдох хэм хэмжээгээр хориотойг сануулж байна” гэсэн юм.

Өдрийн зээл хэмээх энгийн нэршилтэй ч, хуулиас гадуур, хэт хатуу нөхцлийг иргэдэд тулгаж, өрийн боол болгон хувиргаж буй үзэгдэлтэй холбоотой тал талын байр суурийг хүргэхэд ийм байна. Нэг хоёр хүнийг биш мянга мянган иргэнийг олзолсон өдрийн зээлийн асуудлыг ТӨР зохицуулах шаардлагатай байна.

Э.Болорхажид 

www.zindaa.mn



 
 

  МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ


  ХОЛБООТОЙ МЭДЭЭ

   ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛИЙГ ХЯЗГААРЛАЖ 30 САР БОЛГОВ
2019-01-06  
  

   Мянга мянган монголчуудыг өрийн боол болгосон ӨДРИЙН ЗЭЭЛ!
2019-01-04  
  

   МӨРӨӨДӨЛ БИЕЛЭХ 2019 ОН
2019-01-03  
  

   ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨЛБӨРӨӨ ТӨРИЙН БАНКНЫ ПОС ТӨХӨӨРӨМЖИЙГ АШИГЛАН ТӨЛӨӨРЭЙ
2019-01-02  
  

   “КАПИТАЛ” БАНКНЫ ХАРИЛЦАГЧИД ХАДГАЛАМЖАА ТАТАЖ ЭХЭЛСЭН ҮҮ?
2018-12-18  
  

   ГОВЬ ХК-ИЙН ХУВЬЦАА ХУВААХ ТӨСЛИЙН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭГ ГОЛОМТ КАПИТАЛ ҮЦК ХХК АМЖИЛТТАЙ ҮЗҮҮЛЛЭЭ
2018-12-11  
  

   НҮБ-ЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ГОЛОМТ БАНК ГЛОБАЛ БАНКУУДТАЙ ХАМТРАН ХАРИУЦЛАГАТАЙ БАНКНЫ БИЗНЕСИЙН ЗАРЧМУУДЫГ САНААЧЛАН ГАРГАЛАА
2018-12-10  
  

   УБТЗ-ЫН 6000 АЖИЛТАН “ҮНДЭСНИЙ ХУРИМТЛАЛЫН ХӨТӨЛБӨР”-Т НЭГДЛЭЭ
2018-12-10  
  

  ШУУРХАЙ МЭДЭЭ



ЕРӨНХИЙ САЙД ШАДАР САЙД ЗАСГИЙН ГАЗАР ЯАМД АГЕНТЛАГ АЙМАГ ДҮҮРЭГ
Тагнуулын ерөнхий газар

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар

Үндэсний хөгжлийн газар

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар

Онцгой байдлын ерөнхий газар

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Стандартчилал, хэмжил зүйн газар

Худалдан авах ажиллагааны газар

Оюуны өмчийн газар
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Гадаад хэргийн яам

Сангийн яам

Хууль зүй, дотоод хэргийн яам

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Батлан хамгаалахын яам

Барилга, хот байгуулалтын яам

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

Зам, тээврийн хөгжлийн яам

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Эрчим хүчний яам

Эрүүл мэндийн яам

Цагдаагийн ерөнхий газар

Хил хамгаалах ерөнхий газар

Зэвсэгт хүчний жанжин штаб

Цаг уур, орчны шинжилгээний газар

Гаалийн ерөнхий газар

Татварын ерөнхий газар

Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газар

Архивын ерөнхий газар

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар

Гадаадын иргэн, харьяатын газар

Тахарын ерөнхий газар

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар

Иргэний нисэхийн ерөнхий газар

Ашигт малтмал, газрын тосны газар

Соёл, урлагийн газар

Биеийн тамир, спортын газар

Мал эмнэлэг, үржлийн газар

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Баян-Өлгий

Баянхонгор

Булган

Говь-Алтай

Говь-Сүмбэр

Дархан-Уул

Дорнод

Дорноговь

Завхан

Орхон

Өмнөговь

Сэлэнгэ

Төв

Увс

Ховд

Хөвсгөл

Хэнтий

Архангай

Сүхбаатар

Өвөрхангай

Дундговь

Баянзүрх

Баянгол

Багануур

Багахангай

Налайх

Сүхбаатар дүүрэг

Хан-Уул дүүрэг

Сонгинохайрхан

Чингэлтэй

Улаанбаатар хот