ЕРӨНХИЙЛӨГЧ   ЕРӨНХИЙ САЙД   ШАДАР САЙД   ЯАМД   АГЕНТЛАГ   АЙМАГ   НИЙСЛЭЛ   ДҮҮРЭГ   АРХИВ 
УЛС ТӨР | ЭДИЙН ЗАСАГ | НИЙГЭМ | СПОРТ | ЯРИЛЦЛАГА | НИЙТЛЭЛ | ФОТО МЭДЭЭ | ВИДЕО МЭДЭЭ
МОНГОЛОО АЛДАРШУУЛСАН ОЛИМПИЙН БААТРУУД

МОНГОЛОО АЛДАРШУУЛСАН ОЛИМПИЙН БААТРУУД
спорт | 2018-10-12 09:22:36 | УНШИСАН: 224 | khaliunaa

Монгол Улсын нэрийг дуудуулан олимпийн тэнгэрт Алтан соёмбот Төрийн далбааг мандуулсан олимпийн медальтнуудын анхдагчид нь хагас зууны өмнө 1968 онд Мехикогийн олимпийн наадмын чөлөөт бөхийн дэвжээн дээр тодорсон билээ.


Энэхүү түүхт 50 жилийн ойн өмнө энэ 25 олимпийн баатартай хийсэн ярилцлага, нийтлэлийг он дарааллаар нь цувралаар хүргэж байна.

 

10. 1980 Москва Цэндийн Дамдин

 

Бахархал нь түүнийг Олимпийн мөнгөн медальтан болгожээ

 


Москвагийн олимпийн мөнгөн медальт, Ардын багш, гавьяат тамирчин, Монголын үндэсний олимпийн хорооны дэд ерөнхийлөгч Ц.Дамдин 1957 онд Хэнтий аймгийн Биндэр суманд төрсөн. Тэрбээр жүдо бөхийн Монгол Улсын долоон удаагийн аварга. 1979 оны ЗХУ-ын бүх ард түмний аварга шалгаруулах нээлттэй тэмцээнээс хүрэл медаль, самбо бөхийн спортоор улсын долоон удаагийн аварга тамирчин юм. Мөн 1979 онд самбо бөхийн дэлхийн залуучууд болон насанд хүрэгчдийн аварга. Самбо бөхийн ДАШТ-ээс нийтдээ хоёр алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн шилдэг бөх байсан юм.

 

Монголын жүдочид 1980 оны олимпийн наадам эхлэхээс өмнө 10-аад хоногийн өмнө долдугаар сарын 15-ны үед буюу улсын наадмын дараа л Москва хотод олимпийн наадам эхлэхээс 10-аад хоногийн өмнө очиж бэлтгэлээ базааж жингээ тохируулсан байдаг. Ц.Дамдин агсны хувьд 65 кг-д олимпийн дэвжээнд тав барилдаж мөнгөн медаль хүртсэн Монголын анхны жүдоч болж түүхэнд бичигдсэн билээ.

 

Тэр Москвагийн олимпийн татамид эхний тойрогтоо Зимбабве улсын бөхтэй барилдаж цэвэр ялсан, дараа нь Францын бөхийг юүко, гуравдугаар тойрогт Шведийн бөх Бедроныг коко үнэлгээгээр тус тус ялж хэсгийн аваргын төлөөх барилдаанд Польшийн бөх Павловскийг ялсан. Олимпийн алтан медалийн төлөө ЗХУ-ын бөх Солодухинтай барилдаж эхлээд нэг юүко үнэлгээ алдсан, дараа нь түүнээс нэг юүко үнэлгээ авч оноо тэнцүү явж байсан бөгөөд түүнийг шидогоор торгож олимпийн мөнгөн медалийн эзэн түүхтэй.


Манай улс жүдогийн тамирчдаа 1978 оноос Москвагийн олимпийн наадамд бэлтгэж эхэлсэн бөгөөд жүдочид бүтэн багаараа энэ олимпийн наадамд оролцсон юм. Тухайлбал, 60 кг-д ОУХМ Я.Дорж барилдсан бол 70 кг-д гавьяат тамирчин Р.Даваадалай барилдаж, олимпийн хүрэл медаль хүртсэн билээ. Харин 78 кг-д одоо гавьяат дасгалжуулагч Д.Дашжамц, 86 кг-д гавьяат тамирчин Д.Цэнд-Аюуш, -95 кг-д Улсын заан Д.Амгаа, +95 кг-д Улсын начин Д.Жалаа барилдсан юм.


Монголын жүдочид Москвагийн олимпийн өмнөх хоёр жилд Монголдоо бэлтгэлээ эрчимтэй явуулсан төдийгүй гадаадад ч хамтарсан бэлтгэлд олон удаа хийсэн байдаг. Ц.Дамдин гавьяат самбо бөхөөр 1979 онд залуучуудын болон насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцож дэлхийн аварга болоод байсан гэдэг.


Тухайн үед манай бөхчүүд жүдо, самбо бөхөөр хамтад нь хичээллэж дэлхий, тивийн АШТ-д оролцдог байсан юм. 1980-аад онд Улаанбаатар хотод ч самбо, жүдогийн олон улсын тэмцээн зохион байгуулдаг бөгөөд тэр тэмцээнд олон орны тамирчид ирж хүчээ сорьж байжээ. Тухайн үед шинэ он гараад л хоёрдугаар сард Гүржийн Тбилисийн тэмцээн, тэгээд цувраад л Европын 5-6 тэмцээнд манай жүдочид очиж оролцдог, бас тэндээ хамтарсан бэлтгэл хийдэг байсан тухай ахмад жүдочид дурсдаг.

 

Одоогоос 38 жилийн өмнө буюу Москвагийн 22 дугаар олимпийн наадмын жүдо бөхийн төрлөөр 65 кг-д мөнгөн медаль хүртсэн Монгол Улсын Ардын багш, гавьяат тамирчин, Монгол Улсын өсөх идэр начин, Монголын үндэсний олимпийн хорооны дэд ерөнхийлөгч асан Цэндийн Дамдин агсны хэдэн жилийн өмнө “МОНЦАМЭ мэдээ” сонинд өгсөн ярилцлагыг толилуулж байна.

 

-Таны жинд гадаадын олон шилдэг жүдочид байсан. Тэдний тухай эргэн дурсана уу?

 

-Манай жинд Японы тамирчид хүчтэй байсан, тэгээд дийлэнх нь Европын жүдочид. Одоогийн жүдогийн дүрэм бидний барилдаж байх үед байснаас нэг их өөрчлөгдөөгүй. Жүдо бөх 1964 онд анх олимпийн хөтөлбөрт орох үедээ дагах барилдаан байхгүй, үндэсний бөх шиг шууд даваад л явдаг, тэгээд аваргын төлөө барилдаж давсан нь алт, ялагдсан нь мөнгө. Тэгээд дөрөвт үлдсэн хоёр бөх нь хүрэл медаль хүртдэг байв. Харин бидний барилдаж байх үед хэсгээс гарсан аваргууд хоорондоо барилдаж медалийн төлөө хүч үзнэ, тэгээд дагах барилдаан ч хийдэг байсан. Жүдо бөх олимпийн төрөлд орсноос хойш их хурдацтай хөгжсөн спорт. Африк тивээс арай цөөн бөх ордог байсан учраас хөгжил нь арай сул байсан байх. Европд болон АНУ, Канад, Куба зэрэг оронд их жигд өндөр хөгжсөн байсан. Өнөөдөр ч тэр л эрчээрээ жүдо бөх хөгжиж байна.


-Таны жинд дотооддоо олон сайн бөх байсан биз?

 

-Тийм шүү. Дотооддоо нэг жинд олон сайн бөхчүүд байж л амжилт гаргадаг. Ер нь дунд жинд олон жигдхэн сайн бөх байлаа. Манай 70 кг-д Р.Даваадалай, Ж.Ганболд, 65-кг-д ОУХМ Г.Жамсран, Ц.Очирбал, доошоо 60 кг-д Дорж байна. Олон шилдэг бөхчүүд байсан даа. Би Улсын аварга шалгаруулах тэмцээнд 70 кг-д барилддаг байлаа. Тэр үед чинь самбо бөхөөр барилддаг олон сайн бөх байсан. Тухайлбал, 68 кг-д Д.Буядаа гуай, Чанрав багш гээд 68, 71, 74 кг жинд олон сайн өрсөлдөгчид байсан учраас л олон шилдэг бөх төрсөн гэж боддог. -Өөрийн жингийнхээ гадаадын бөхчүүдийг хэр мэддэг байсан? -Жингийнхээ бөхчүүдээ ер нь гадарладаг мэддэг байсан даа. Харин ЗХУ-ын бөх Солодухинтай огт барилдаж үзээгүй байлаа. Тэр 1979 оны дэлхийн аварга болсон юм. Францад болсон энэ ДАШТ-д зардал мөнгөнөөс болсон уу, виз бүтээгүй юу мэдэхгүй байна, манай бөхчүүд ямар ч гэсэн оролцож чадаагүй. Би Солодухинтай Европын тэмцээнд огт тааралдаж байгаагүй. За тэгээд Японы 65 кг байна, Герман, ОХУ-ын бөхчүүд их сайн. Куба улсын жүдоч 1976 оны олимпийн аварга Родригес байна, Чехийн бөх, Польшийн Павловский гээд миний жинд өгөө аваатай олон сайн жүдоч байлаа. Харин амжилтаараа бусдаасаа гойд тасраад явчихсан бөх байгаагүй л дээ.

 

-Та өөрийнхөө төрсөн нутаг усаа болон бөх болох гараагаа эхэлж байснаа сонирхуулна уу?

 

-Би Хэнтий аймгийн Биндэр сумын хүн. Сумандаа долоо, наймдугаар ангиасаа л сумандаа үндэсний бөхийн аманд гарч барилддаг байлаа. Тэгээд сургуулийн АШТ, уулзалт тэмцээнүүд, аймгийн аваргын тэмцээнд ордог үндэсний бөх сонирхдог хүүхэд байж. Дунд сургуулиа төгсөөд 1974 онд Улаанбаатарт МУИС-ийн Политехникийн дээд сургуульд орсон. Эндээс л орчин үеийн бөхөөр хичээллэх гараагаа эхэлсэн. Эхний жилдээ хичээл, ном ихтэй учраас тэгж сайн барилдаж чаддаггүй, амждаггүй байлаа. Харин дараа жилээс нь сургуулийн аварга шалгаруулах үндэсний бөхийн тэмцээнд Геологи, уул уурхайн тэнхимээсээ оролцсон. Тэр үед ОХУ-д бөхийн дасгалжуулагчаар төгссөн Ц.Ганцагаан багш манай сургуульд ирж бөхийн барилдаан зохион байгуулж оюутнуудыг барилдуулна. Тэгээд биднээс сонгож, чи тийм бөхийн төрлөөр барилд гэж чиглүүлж өгдөг байлаа. Ц.Ганцагаан багш намайг анх Спортын төв ордонд дагуулж авчирч самбо бөхийн секцэнд бэлтгэл хийлгэсэн. Тухайн үед самбо, жүдо бөхийн залуучуудын улсын шигшээ багийн дасгалжуулагчаар Д.Баатаржав багш ажиллаж байсан. Тэгээд л дасгал, сургуулилт сайн хийж, гайгүй барилдсан юм байлгүй намайг залуучуудын шигшээ багийн гишүүнээр авсан. Тэгээд л улсын шигшээд хичээллэх болсон доо. Шигшээ багийн дагалжуулагч Ч.Насантогтох багш байсан. Ингэж л их спортод хөл тавьсан даа.

 

-Анхны том тэмцээн, анхны амжилтаа дурсана уу?

 

-Анхны том тэмцээн гэвэл 1977 онд Улаанбаатар хотод болсон самбо бөхийн олон улсын тэмцээн байлаа. Энэ тэмцэээнд би 62 кг-д барилдаж Я.Доржийг ялж аварга болсон. Харин 1978 онд анх удаа зохион байгуулсан жүдо бөхийн УАШТ-д оролцож 70 кг-д Монгол Улсын анхны аварга болж алтан медаль хүртсэн. Энэ тэмцээнд үнэмлэхүй жинд барилдаж мөнгөн медаль авсан. Бас самбо бөхийн улсын аварга болсон. Тэр жил манай нийслэлд болсон жүдогийн олон улсын тэмцээнд барилдаж Кубын бөх, олимпийн аварга Родригесийг юүко үнэлгээр ялж түрүүлсэн. Тэгээд л их урамшиж амжилт гаргаж болох юм гэсэн итгэл, урам зориг төрж байлаа. Тэр тэмцээнд ОХУ-ын Красноярскаас сайн бөхчүүд ирж байсан, Куба, Чех, Румын, Герман, БНАСАУ, Унгар зэрэг орны жүдочид ирж оролцсон юм. Ер нь тамирчин хүн дэлхий, олимпийн аварга, олимпийн медальт бөхтэй барилдаж үзэж шалгалт өгч байж л цаашдын амжилтаа тодорхойлж өөрийгөө ямар чансаатай гэдгээ мэдэрч ойлгодог.

 

-Жүдо бөх өөрөө маш шударга шүүлттэй, хатуу ёс дэгтэй гэдгээрээ олон оронд хөгжиж, олон хүнийг өөртөө татдаг спорт байх шүү?

 

-Жүдогийн нэг онцлог бол дэвжээн дээрээ бүх асуудлаа шийддэг. Жүдо бөх нь уламжлалт нарийн чанд дэг, жаяг тогтчихсон, дэвжээн дээр гарч ирээд мэндлэх, хүндлэхээс эхлээд ёс, дэгтэй. Тэгээд ч жүдо бөхийн барилдаан нарийн техник, ур чадвар шаарддаг. Энэ чанар нь олон хүнийг өөртөө татдаг, тэр ч утгаараа дэлхийн улс орнуудад нэр хүнд нь өсч, хүчтэй хөгжсөн спорт.

 

-Олимп нь хүн төрөлхтөний спортын хамгийн том наадам, тэмцээн байдаг. Москвагийн олимпийн сэтгэлд хоногшсон содон дурсамж юу байв?

 

-Олимпийн наадамд оролцоно гэдэг үнэхээр том завшаан төдийгүй тамирчин хүн бүр л өмнөө том зорилт тавьсан байдаг. Хүлээсэн үүрэг ч бий. Миний хувьд жин хассан болохоор жингээ барих нь хамгийн чухал зорилт байлаа. Олимпийн орчин тойронд юу болж байгааг сайн мэдэх ч үгүй өнгөрсөн. Өглөө жаахан юм идчихээд л бэлтгэлдээ гарна. Тэгээд бэлтгэлээс ирээд халуун бүлээн юм уучихаад л хэвтэж амардаг. Олимпийн эхлэхээс 10-аад хоногийн өмнө ирээд л олимпийн тосгонд миний хийдэг зүйл нь өдөрт жаахан хөлс гаргана. Орой заримдаа тэр хавьдаа жаахан шогшиж гүйнэ, бас саунд орж жингээ хасна. Тэгээд л ихэвчлэн өрөөндөө хэвтэж амарна даа. Гадуур яваад байх тамир тэнхээ ч байхгүй. Биднийг бэлтгэлийн заалнаас тосгон руу автобусаар хүргэж өгдөг. Зарим үед хүчтэйхэн бэлтгэл хийхээр автобуснаас буугаад байр хүртлээ замдаа хэд хэд амарч байж л арай гэж л байрандаа очдог. Заримдаа бүр замдаа цүнхээ дэрлэж жаахан хэвтэж амарч байгаад байрандаа ордог байсан гэхээр их л ядардаг байжээ. Тэгээд ирээд л жаахан борцны шөл, цай ууна. Их хичээж, мачийж байж л жиндээ орж байлаа. Жин хасдаггүй хүнд бол олимпийн тосгонд төрөл бүрийн сайхан хоол унд ч элбэг байсан. Харин олимпийн нээлтэнд орсон. Нээлтийн ёслолд оролцоход чинь удаан хүлээж, удаан жагсдаг болохоор чамгүй ядарна. Жүдогийн тэмцээн олимпийн наадмын сүүлийн хэсэгт нь болсон. Тэгээд бид олимпийн наадмын хаалтын ёслолд ч оролцсон. Олимпийн нээлт, хаалтын ёслол их сайхан болж байсан нь мартахын аргагүй содон дурсамж юм даа.

 

-Олимпийн мөнгөн медаль хүртээд эх орондоо ирсэн тэр мөчийг эргэн дурсана уу?

 

-Москвагийн олимпийн наадмыг хүмүүс телевизээр үзчихсэн болохоор онгоцны буудал дээр их л олон хүн баяр хөөр дүүрэн хүлээж авсан. Миний аав хөдөөнөөс ирчихсэн, эхнэр, хүүхдүүд маань ч угтаад л үнэхээр сайхан байсан.

 

-Москвагийн олимпийн наадамд жүдо, чөлөөт бөхийн тамирчдаас хоёр мөнгө, хоёр хүрэл медальтай ирсэн. Энэ олимпийн наадамд үүнээс ч том зорилт тавьж байсан байх шүү?

 

-Манай боксын тамирчид энэ олимпод их сайн оролцсон. Тухайлбал, Г.Батбилэг, талийгаач Р.Отгонбаяр нар сайн тоглосон. Медаль авахад их л ойрхон байсан даа. Бид чинь нэг л шигшээ багийн тамирчид байлаа. Талийгаач Д.Оюунболд бид хоёр нэг үеийнхэн. Оюунболд маань чөлөөт бөхийн тамирчид дотроо хамгийн лидер нь байлаа. Тэр үед 57 кг-д М.Хойлогдорж гэж мундаг бөх байсан, Самбуу, Жаргалсайхан зэрэг сайн бөхчүүд ч байсан. Тэднийг ялж гарч ирж Москвагийн олимпийн наадамд хүч үзсэн юм. Их залуу ч байсан, бэлтгэлээ сайн базаадаг, амжилт гаргачихсан, маш авьяастай, үлгэр дууриал болсон бөх байсан даа. Ж.Даваажав гуай болохоор асар их туршлагатай, манай шилдэг бөх байлаа. Тухайн үед шигшээгийн бүх тамирчид хамтдаа бэлтгэлд гарна. Тэгээд хоорондоо багаараа сагс, хөлбөмбөг тоглоно. Чөлөөтөөр бас жүдогоор тэмцээн зохионо. Холын зайд хамт гүйж өрсөлдөнө. Тэр үеийн шигшээгийн жүдо, чөлөөт, боксынхон бүгд л сайн анд нөхөд байжээ.

 

-Монголын жүдочдын ирээдүйг та хэрхэн харж, төсөөлж байна?

 

-Манай жүдочид үнэхээр сайн барилдаж байна. Олимп, дэлхийн аваргатай болсон. Манай баг тамирчдын чансаа, түвшингийн хувьд олон улсын хэмжээнд чадлаа. Дэлхийн хэмжээний цуврал том тэмцээнд оролцож байгаа манай залуу тамирчид жигд сайн барилдаж амжилтаа ахиулж байна. Техникийн ур чадвар нь сайн байгаагийн нэг илрэл нь оролцсон тэмцээн бүрээс алт, мөнгөн медаль хүртэж байгаа. Мөн аваргын төлөөх шигшээ барилдаанд өрсөлдөгчөө цэвэр ялж байгаа нь чансаатай, ур чадвартай, хүчтэй, техниктэй болсныг харуулж байна. Монголын жүдочид аль ч орны бөхтэй барилдаж ялж байна.

 

-Та Монголдоо жүдо бөхийн спортыг хөгжүүлэх үйлсэд олон жил зүтгэж ирсэн хүний хувьд сэтгэгдлээ хэлнэ уу?

 


-Би шигшээ багийн тамирчин байж байгаад 1984 оноос шигшээ багийн ахлах дасгалжуулагч болж 1992 он хүртэл ажилласан. Дараа нь УБИС-ийн дэргэд жүдо бөхийн багш, дасгалжуулагчийн анги нээгдэхэд, тэнд 5-6 жил багшилсан. Тэр үедээ УБИС-ийн БТДС-ийн дэргэд "Жуулчин" бөхийн дэвжээ гэж байгуулж хүүхдүүд бэлтгэсэн. Манай сургуулийн оюутнууд ихэнх нь шигшээгийн тамирчид байсан болохоор тэднийг бас дасгалжуулж байлаа. Тэгээд 1998 оноос Монголын жүдо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар 2002 он хүртэл ажилласан. Энэ хугацаанд жүдогийн шигшээ багийн тамирчин, дасгалжуулагч, мэргэжилтэн багш, шүүгчийн албыг хашсан. Ахлах дасгалжуулагч байхаасаа л шүүгч хийсэн. Энэ нь ямар учиртай гэвэл Бүх ард түмний спартакиадаас эхлээд улсын хэмжээний тэмцээнийг ахлах дасгалжуулагч нь ерөнхий шүүгчээр ажиллаж тэмцээн зохион байгуулдаг байсан юм. Тиймээс ерөнхий шүүгч хийж олон тэмцээн зохион байгуулсан. Монгол улсаас олон улсын шүүгчийн зөвлөлд орох олон улсын шүүгч шаардлагатай болсон учраас 1991 онд шалгалт шүүлэг өгч анхны олон улсын шүүгч болж байв. Жүдод А, Б зэрэглэлийн олон улсын шүүгч байдаг. Тэгээд би есөн жил шүүж байж 2000 онд А зэрэглэлийн шүүгч болж олимп, дэлхийн дэвжээнд шүүх эрхийг авсан. Шүүгчийн зөвлөлийн ажлыг 2010 он хүртэл авч явсан. Энэ хугацаанд олон улсын 17 шүүгчтэй болжээ. Ямар ч байсан өөрийн эх орондоо тэмцээн зохион байгуулахад хангалттай шүүгчтэй болсон. Гадаадад өөрийн шүүгчтэй явах боломж ч бүрдсэн.

 

-Та өөрийн шавь нарынхаа талаар ярина уу?

 

-1984 оны үед самбо, жүдог салгаж хөгжүүлэхээр болж би жүдогийн шигшээ багийн дасгалжуулагчаар ажилласан. Тэр үед санал авахад залуучууд нь жүдо бөхөд орсон. Дархан аварга Б.Бат-Эрдэнэ, аварга О.Балжинням, Энхбаатар, Эрдэнэбаатар, Эрхэмбаяр, Ж.Ганболд, Дорждэрэм гэсэн бөхчүүд манай шигшээд хичээллэж байлаа. Тэгээд 1987 оны жүдо бөхийн ДАШТ-ээс Балжинням мөнгө, Х.Баттулга хүрэл медаль хүртсэн манай жүдочдын хувьд анхны том амжилт байсан.

 

-Та тамирчин, дасгалжуулагч, шүүгч, Монголын жүдогийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, МҮОХ-ны дэд ерөнхийлөгч зэрэг олон албыг хашиж ирсэн хүний хувьд олимпийн наадам болон Азийн наадамд хэдэн удаа оролцоод байгаа бол?

 

-Олимпийн наадам бол спортын ертөнцийн хамгийн том наадам. Өнөөдөр олимпод хамгийн шилдгүүд эрх авч оролцож байна. Миний хувьд 1980, 1988, 1992, 2000, 2004, 2008 он гээд зуны зургаа, өвлийн нэг, нийтдээ долоон олимпийн наадамд баг тамирчидтайгаа хамтдаа оролцжээ. Азийн наадам гэвэл, 2002 оноос хойш л баг тамирчидтайгаа хамт явж байна.

 

 

-Та бас үндэсний бөхөөр барилдаж, Монгол Улсын начин цол хүртсэн хүн. Энэ тухай юу хэлэх вэ?

 

-1984 онд Монгол Улсын начин болсон. 1988 онд начин цолоо баталж, өсөх идэр начин цол хүртсэн. Үндэсний бөхөөр өөрийнхөө хэмжээнд амжилт гаргасан гэж боддог. Гэхдээ тэр үед үндэсний бөхөөр барилдах хугацаа бага байлаа. Шигшээ багийн тамирчин болохоор жингээ барина, ойр ойрхон жүдо, самбогийн дотоод, гадаадын тэмцээнд оролцоно. Үндэсний бөхөөр барилдах боломж хомс байсан даа. 1981 онд Ардын хувьсгалын 60 жилийн ойн Улсын наадамд анх дөрөв давж, тавын даваанд Улсын заан Долгорсүрэн гуайд унасан юм. 1983 онд оюутан байхдаа Хэнтий аймгийн 60 жилийн ойн баяр наадмаар барилдаж түрүүлсэн. Хамгийн сүүлд 2006 онд Улсын наадамдаа зодоглоод л түүнээс хойш барилдаагүй л байна.

 

-Та өөрийн бага нас, аав, ээжийнхээ талаар дурсана уу?

 

-Би бага наснаасаа л бөх болох том мөрөөдөлтэй байсан даа. Даншигийн начин Малтуурын Намсрай гэж хүн миний ээжийн аавынх нь аав юм. Тийм болохоор биднийг нутаг усанд маань бөхийн удамтай гэдэг байлаа. Үүгээрээ би дотроо их л бахархдаг. Миний төрж өссөн нутаг Хэнтий аймгийн Биндэр сум. Тэгэхээр манай нутаг эзэн Чингисийн өлгий нутаг. Тэр үед ил ярьж болдоггүй ч бага насанд минь орой үдэш гэр орондоо нууцхан Чингис хаанаар бахархсан халуун яриа аав, ээж, ахмадуудын дунд өрнөдөг байлаа. Дэлхийн талыг эзэлж явсан Чингис хаанаар, бас бөхийн удмаараа ухаан орсон цагаасаа л бахархаж өссөн. Дадал, Биндэр, Баян-Адарга сумын заагт л Их Чингис хаан төрсөн байдаг. Миний яг төрсөн нутаг Баян-Адарга суманд байдаг. Манай нутгийн бүх хүний бахархал Чингис хаан. Төмөр-Очир гуай Чингис хааны 800 жилийн ойгоор Дадалд хөшөөг нь босгосон нь манай нутгийнханд далд бахархлыг улам бадрааж өгсөн гэж боддог. Миний аав, ээж малчин хүмүүс. Ээж маань эхээс хоёулаа, аав ч мөн адил. Аав их биеэрхүү хүн байсан. Манай аав бөх их сонирхдог, үздэг хүн байж билээ. Намайг жаахан байхад надад зодог шуудаг хийж өгөөд л айлын хүүхдүүдтэй барилдуулдаг байв. Намайг сумын наадамд дагуулж яваад л барилдуулна. 1978 онд оюутан байхад аав маань намайг дагуулж аймгийн наадамд барилдуулж, би энэ наадамд түрүүлж аймгийн арслан цол хүртэж байлаа. Аав маань улсын баяр наадмаар ирж бөх үзнэ. Аав, ээж хоёр маань өвөлдөө хотод ирж өвөлждөг байлаа. Хаана л бөх барилдана алгасахгүй үздэг байж. Харин бөхийн барилдаангүй үед зааланд бидний бэлтгэлийг хараад л сууж байдаг. Ер спорт их сонирхдог хүн байж. Сагсан бөмбөгийн тэмцээнийг хүртэл үзээд сууж л байдаг хүн байлаа. Бид ээжээсээ тавуулаа, дөрвөн хүү, нэг охин. Би дундах хүү нь.

 

-Монголын жүдочдын түүх болон амжилт улам л арвижсаар байна, Жүдо манайд анх хөгжиж эхэлсэн түүхийг сөхвөл?

 

-Анх Монголд жүдо бөхийн спортыг 1968-1969 оны үед Батмөнх гэж хүн /Чехословак улсад сурч байсан/ таниулж анхны секц байгуулсан байдаг. Энэ хүн геологийн мэргэжилтэй учраас Хөвсгөл аймаг явчихсан юм билээ. Хамгийн анхны уулзалт тэмцээнийг Унгар улстай зохион байгуулсан хүн нь Б.Машбат багш. Анх 1972 оны олимпийн наадамд оролцсон. Гэхдээ 1968 оны олимпийн наадамд Дагвасүрэн арслан оролцож жүдогийн татамид гарсан юм билээ.

 

-Таны үеийн шигшээ багийн тамирчид холбоотой байдаг уу?

 

-Манай шигшээ багийнхан одоо ч уулздаг. Үүнийг манай Амгаа зохион байгуулдаг юм. Тэр үед шигшээ багуудын дунд социалист уралдаан зарлана. Манай жүдогийнхон шигшээ багуудын дотор амжилт сайтай баг байсан болохоор энэ уралдаанд түрүүлээд л тугаар шагнуулна. Өнөөх манлайлагч багийн тугаа бөхийн зааландаа зүүчихсэн байдаг, их эвсэг хамт олон байлаа. Жүдогийн эцгүүд гэвэл Машбат, Ч.Насантогтох, Пүрэв-Очир, Чанарав гээд шигшээгийн багш нар байна. Бас Хүч нийгэмлэгийн Гэлэг, Алдарын Өвгөнхүү багш, Хоршоолол нийгэмлэгийн Баатаржав байна, Барилгачин нийгэмлэгт Москвад мэргэжлийн дасгалжуулагч болоод ирсэн буурал Гансүх багш байлаа. Тэр бас шигшээд дасгалжуулагч хийж байсан. Түүний олон шавь бий. Жишээ нь манай Халиуны Болдбаатар байна. 1977-1988 он хүртлэх үеийн шигшээгийн жүдочид Жамсран, Дорж, Цэнд-Аюуш, Жалаа, Очирбал, Эрхэмбаяр, заан Ганболд, Хүрэлбаатар нарын олон бөх байдаг.



 
 

  МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ


  ХОЛБООТОЙ МЭДЭЭ

   СҮМО БӨХИЙН ХОЛБООНЫ 25 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД О.ХАНГАЙ ТҮРҮҮЛЛЭЭ
2018-12-10  
  

   ЗАЛУУЧУУДЫН ХОККЕЙН ШИГШЭЭ БАГ МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
2018-12-08  
  

   МОНГОЛЫН СҮМОЧ ТАКАНОИВА ЗОДОГ ТАЙЛАХААР БОЛЖЭЭ
2018-12-08  
  

   Л.СОСОРБАРАМ “ASIAN JUDO OPEN HONG KONG -2018” ТЭМЦЭЭНИЙ АВАРГА БОЛОВ
2018-12-04  
  

   “АЛТАН БҮС" БАРИЛДААНД УЛСЫН ХАРЦАГА О.ХАНГАЙ ТҮРҮҮЛЛЭЭ
2018-12-03  
  

   “АЛТАН БҮС" БАРИЛДААНД УЛСЫН АРСЛАН П.БҮРЭНТӨГС ТЭРГҮҮТЭН БАРИЛДАХААР ОЧЖЭЭ
2018-12-01  
  

   МОНГОЛЫН ХӨЛ БӨМБӨГИЙН ХОЛБОО АЗИЙН ХӨЛ БӨМБӨГИЙН ШИЛДГЭЭР ШАЛГАРЛАА
2018-11-29  
  

   УЛС ТУНХАГЛАСНЫ ОЙН БАРИЛДААНД УЛСЫН ГАРЬД Б.ГОНЧИГДАМБА ТҮРҮҮЛЛЭЭ
2018-11-27  
  

  ШУУРХАЙ МЭДЭЭ



ЕРӨНХИЙ САЙД ШАДАР САЙД ЗАСГИЙН ГАЗАР ЯАМД АГЕНТЛАГ АЙМАГ ДҮҮРЭГ
Тагнуулын ерөнхий газар

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар

Үндэсний хөгжлийн газар

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар

Онцгой байдлын ерөнхий газар

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Стандартчилал, хэмжил зүйн газар

Худалдан авах ажиллагааны газар

Оюуны өмчийн газар
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Гадаад хэргийн яам

Сангийн яам

Хууль зүй, дотоод хэргийн яам

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Батлан хамгаалахын яам

Барилга, хот байгуулалтын яам

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

Зам, тээврийн хөгжлийн яам

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Эрчим хүчний яам

Эрүүл мэндийн яам

Цагдаагийн ерөнхий газар

Хил хамгаалах ерөнхий газар

Зэвсэгт хүчний жанжин штаб

Цаг уур, орчны шинжилгээний газар

Гаалийн ерөнхий газар

Татварын ерөнхий газар

Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газар

Архивын ерөнхий газар

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар

Гадаадын иргэн, харьяатын газар

Тахарын ерөнхий газар

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар

Иргэний нисэхийн ерөнхий газар

Ашигт малтмал, газрын тосны газар

Соёл, урлагийн газар

Биеийн тамир, спортын газар

Мал эмнэлэг, үржлийн газар

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Баян-Өлгий

Баянхонгор

Булган

Говь-Алтай

Говь-Сүмбэр

Дархан-Уул

Дорнод

Дорноговь

Завхан

Орхон

Өмнөговь

Сэлэнгэ

Төв

Увс

Ховд

Хөвсгөл

Хэнтий

Архангай

Сүхбаатар

Өвөрхангай

Дундговь

Баянзүрх

Баянгол

Багануур

Багахангай

Налайх

Сүхбаатар дүүрэг

Хан-Уул дүүрэг

Сонгинохайрхан

Чингэлтэй

Улаанбаатар хот