ЕРӨНХИЙЛӨГЧ   ЕРӨНХИЙ САЙД   ШАДАР САЙД   ЯАМД   АГЕНТЛАГ   АЙМАГ   НИЙСЛЭЛ   ДҮҮРЭГ   АРХИВ 
УЛС ТӨР | ЭДИЙН ЗАСАГ | НИЙГЭМ | СПОРТ | ЯРИЛЦЛАГА | НИЙТЛЭЛ | ФОТО МЭДЭЭ | ВИДЕО МЭДЭЭ
Д.Эрдэнэбат: Эрх баригчид улс орны хувь заяаг үүрч яваагаа мартсан

Д.Эрдэнэбат: Эрх баригчид улс орны хувь заяаг үүрч яваагаа мартсан
Улстөрч | 2018-05-21 16:35:57 | УНШИСАН: 240 | darkhankhuvsgul
УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбаттай ярилцлаа.

-УИХ-аар 2019 оны Төсвийн хүрээний мэдэгдэл болон үндсэн чиглэлийг хэлэлцэж байна. Гишүүд их шүүмжилж байна лээ. Гол асуудал нь юундаа байгаа юм бэ?

-УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах ёстой. 2019 оны Үндсэн чиглэл ярьж байхад 2018 оны Үндсэн чиглэлийн биелэлтийг харьцуулан өсөлт, бууралтыг гаргах хэрэгтэй байгаа юм. 2018 оны Үндсэн чиглэлийг өөр цаг хугацаанд дүгнэж байгаа бол 2019 оны Үндсэн чиглэлийг мөн л өөр хугацаанд хэлэлцэж байна. Цаг хугацааны зөрүүгээс болж тухайлбал, 2018 оны биелэлтийг 2019 онд ямар болсон бэ гэдгийг харьцуулах харьцуулалтгүй болчихоод байгаа юм. Хоёрдугаарт, манай зарим гишүүд шинэ болоод ч тэр юм уу, Үндсэн чиглэлийг төсөвтэй хутгаж ойлгоод байна. Засгийн газар бодлогын шийдвэрийг хэрэгжүүлэхийн тулд ийм хэмжээний хөрөнгө шаардлагатай гэдэг тоон үзүүлэлтийг зарим зүйл дээр тавьдаг. 2019 оны Үндсэн чиглэл төсөв шиг болж эхэлсэн. Өөрөөр хэлбэл гишүүдийн тойргийн болон салбарын сонирхол орж ирж байгаа нь буруу. Хэдийгээр бид сөрөг хүчин ч эрх баригчдад “Үндсэн чиглэлд ийм зүйл орохгүй ээ, ингэж явдаггүй юм аа” гэж хэлээд байхад ойлгохгүй, сэтгэлийн хөөрлөөр асуудалд хандаад байна. 2019 оны Үндсэн чиглэл оныхоо Төсвийн хүрээний мэдэгдлийн тооноос давах ёсгүй. Нэг үгээр хэлбэл тэр хүрээндээ хийгдэх ёстой. Гэтэл анхны хэлэлцүүлгээсээ маш буруу явж байгаа нь эрх баригчдыг ямар ч бодлогогүйг илтгээд байгаа юм.

-Анхны хэлэлцүүлгээсээ буруу явчихсан юм бол алдаагаа засах боломж байхгүй юм уу?

-Энэ Их хурлын бүрэн эрхийн хугацаа талдаа орж байна. Алдаа олон гарсан. Сүүлдээ УИХ-ын дэгийн тухай хууль зөрчигдөж эхэллээ. Энэ сайн зүйл биш. УИХ-ын нэр хүнд бодлогын шийдлийг гаргаж чадаж байна уу, тийм чадвартай гишүүд байгаа эсэхээс их зүйл шалтгаалдаг. Ард түмний дунд Их хурлын нэр хүнд үүнээс болж унаж байгаа нь үнэн. Үнэхээр бодлого алга. Их хуралд 65 суудал авсан эрх баригчид өнөөдрийг хүртэл сөрөг хүчин шиг ажиллаад байгаа юм. Үнэмлэхүй олонх гэдгээ мэдэрдэггүй. Цаанаа янз бүрийн шалтгаан байдаг байх. Гэхдээ тэд эрх баригчид. Эрх баригчид улс орны хувьд заяаг үүрч яваа гэдгээ мартсан. Бүх шийдвэрийг гаргаж, ямар ч ажлыг хийх бүрэн эрхтэй мөртлөө өнгөрсөн хоёр жилийн хугацаанд сөрөг хүчнээ муулсан, муутгасан, тэр үеийн тоон харьцуулалттай өнөөдрийг харьцуулах гэсэн оролдлого хийж байгаагаас биш, ирээдүйд чиглэсэн нэг ч бодлого явуулсангүй.

-Ерөнхий сайдад Засгийн газрын хоёр гишүүнтэйгээ хариуцлага тооцох тухай асуудлыг танай намын бүлгээс тавиад байгаа?

-Бид Засгийн газрыг огцруулах тухай асуудлыг санаан зоргоор тавиагүй юм. У.Хүрэлсүхийн кабинетад анхааруулга өгөх хэд хэдэн зүйл байсан. Хуулийн, ашиг сонирхлын зөрчил гаргасан нь үнэн.

-Тухайлбал...

-Засгийн газрын сайдууд маш их улстөржиж байна. Засгийн газар бол гүйцэтгэх засаглал. Тиймээс сайд нар аль болох улстөржихөөс зайлсхийх ёстой. Төрийн гүйцэтгэх ажил хийж байгаа гэдэг утгаараа гүйцэтгэх засаглалыг удирдаж байгаа хүмүүс хэт популист байж болдоггүй. Сайд нар нь аливаа юмыг ирээдүй цаг дээр ярьдаг. Зарим нь кабинетынхаа хийж байгаа ажлыг үгүйсгэдэг. Хоорондоо зөрчилддөг зүйл нийтлэг харагдаж байна. Сөрөг хүчний хэлж байгааг зөвөөр хүлээж авах хэрэгтэй. Сөрөг хүчин хяналт тавих үүрэгтэй. Мөн хариуцлага тооцохыг шаардах эрхтэй байдаг юм. Ард түмний өмнөөс бидний тавьж байгаа шаардлага, хяналт. Үүнийг их эмзэглэж хүлээж авдаг. Эмзэглэх тусам эд нарт муу. Бид хэдий цөөхүүлээ байгаа ч бодлогогүй үйл ажиллагааг нь байнга хэлж, шүүмжилж байгаа. Монгол төрийн нэрийн өмнөөс үгээ хэлнэ. Ингэлээ гээд биднийг адлах шаардлагагүй. Харин ч өөрсдийнхөө ажилд дүгнэлт хийх ёстой. Тийм чадвар байна уу, үгүй юу гэдэг нь өнөөдөр эргэлзээтэй. Ийм байдлаар цаашаа явах юм бол төрийн бодлого, төрийн тогтвортой үйл ажиллагаа гэж байхгүй болно. Ард түмэн МАН-д 65 суудал өгсөн юм чинь асар их зүйл хийнэ гэдэг хүлээлт байсан. Энэ хүлээлт талаар өнгөрч байна. Үлдсэн хоёр жилд ажил хийнэ гэж худлаа. Амлалт худлаа байдаг, таван төгрөгөнд хууртаж санал өгч болохгүй юм байна гэдгийг ард түмэнд шууд ойлгуулж байгаа юм. Энэ дөрвөн жил маш сургамжтай он жилүүд болон өнгөрч байна. Монголын эдийн засаг жижигхэн. Тэд Монголын эдийн засгийг авангуутаа түүхийн эдийн үнийн өсөлттэй зэрэгцээд эдийн засаг тэлэх босгон дээр хэд хэдэн алдаатай шийдвэр гаргасан.

-Тухайлбал, ямар шийдвэрүүд гэж. ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдан эдийн засгаа тэлж байна гээд байгаа шүү дээ...

-Нэгдүгээрт, баялгийн түүхий эдийн үнийн өсөлт бий болох нь ойлгомжтой байсан үед ОУВС-д шууд орсон нь алдаа байсан. Хоёрдугаарт, Хөгжлийн банк, Монголбанкаар хэрэгжиж байсан бодлогын хөтөлбөрүүдийг төсөв рүү нэгтгэсэн нь алдаа. Төсөв бол зөвхөн орлого, зарлагын харьцааны бүтэц. Монгол руу орж ирж буй аж ахуйн нэгж, экспорт, импортын татварын орлогоос эхлээд бүгдийг нь төсөв рүү оруулж байна. Төсвийг данхайлгахгүй байсан юм. Төсөв тодорхой хэмжээ хязгаарт яригддаг, төсвөөс гадуур Монголын эдийн засгийг тэлэх бодлого, боломжийг хумьчихсан. 2012-2016 оны хооронд Ардчилсан нам засгийн эрх барьж байх үеийн бодлогыг эрх баригчид алдаа гэж шүүмжилдэг. Харин би алдаа биш гэж хардаг. Хумигдсан эдийн засгийг мөнгөний бодлогоор аварч гарсан юм. Нүүрсний үнэ 20 ам.доллар, зэсийн үнэ 3000 ам.доллар байсан гэдгийг хэн ч анзааралгүй өнгөрсөн. Ямар ч байсан эдийн засгийг аварч үлдэхийн тулд бүтээн байгуулалт нэрийн доор ажлын байрыг хадгалах, цалинг үнэгүйдүүлэхгүй байх, инфляцийг тогтоож барих ажлуудаа хийж чадсан. Ингэхдээ бид төсөв рүү оруулаагүй. Хөгжлийн банкаар дамжуулан жижиг дунд үйлдвэрүүдийг дэмжих, уул уурхай, дэд бүтцийг дэмжих чиглэл рүү маш эрчимтэй явсан. Монголбанкаар ипотекийн зээл, “Сайн” хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээс эхлээд маш их эдийн засгийн зөв эргэлтүүдийг хийж чадсан. Тиймээс эдийн засгийн өсөлт гарах хүртэл монголчууд тэвчиж ирсэн. Үүнийг бид хэлэхгүй бол өөр хэлэх хүн байхгүй. Одоо бол мөнгөтэй байгаад ч ажил явахгүй байгаад асуудал байна. Эдийн засаг маш хүнд байхад иргэдийн орлого нэмэгдэж, цатгалан амьдрах боломж байгаагүй ч гэсэн өнөөдрийнх шиг ингэж уруудаагүй. Үнэхээр эдийн засаг өсөөд байгаа юм бол яагаад иргэдийн амьдрал улам доройтоод байгаа юм бэ. Монгол Улсад мөнгө орж байгаа юм бол яагаад ажлын байр нэмэгдэхгүй, иргэд улам ажилгүй болоод байгаа юм бэ. Үүнд хариулт өг гэхээр хариулах хүн алга.

-Тэрийг нь та юу гэж харж байгаа юм бэ?

-Бүгдийг төсөв рүү чихдэг нь алдаа байсан. Хөгжлийн банкаар дамжуулах томоохон бүтээн байгуулалтыг хийх боломжийг нь нээлттэй орхих нь зөв байсан. Ипотекийн зээл Монголбанкны уламжлалт бус бодлогоор явуулж байсан нь алдаа биш байсан юм. Иргэдээ ажилтай, орлоготой байлгая гэвэл энэ бүх өсөлтийг иргэдэд хүрсэн эдийн засгийн эргэлтэд оруулах нь чухал болохоос төсөвт төвлөрүүлэх нь нэн тэргүүний асуудал байгаагүй. ОУВС-гийн хөнгөлөлттэй зээл, эдийн засгийн өсөлтөөс орж ирж байгаа давуу орлого бүхэлдээ төсвийн зардал руу яваад байгаа юм. Төсвийн хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэх, зээлийн хүүг бууруулах нэг хэсэг нь захиргааны данхайсан бүтцийг тэтгэх, халамж тэлэх чиглэл рүү явж байна. Тэгэхээр төсөвт боомилогдсон энэ их мөнгө иргэдийн амьжиргааг тэтгэх зүйлд зарцуулагдахгүй. Худлаа ярьсаар байгаад ипотекийг зогсоогоод хоёр жил боллоо. Гэтэл Ипотекийн ард хичнээн хүний ажлын байр хадгалагдаж үлдэж байсныг эрх баригчид ойлгоогүй. Иргэдийн үйлдвэрлэл, үйлчилгээ, дотооддоо үйлдвэрлэх процесс санхүүжилтийн эх үүсвэргүйгээс болж бүгд зогссон. Барилгын салбарт ажиллаж байсан хүмүүс, жижиг дундаар өөрийгөө болгоод яваад байна даа гэсэн хүмүүсийн бүх зүйл байхгүй болж, итгэл найдвар тасарсан учраас гадагшаа ажиллахаар явж байна. 2012-2016 онд явж ирсэн бодлогыг өнөөгийн эрх баригчид сөрөг хүчин байхдаа алдаа байна гэж харж байсан бол өнөөдөр бид ч гэсэн тэдний энэ бодлогыг алдаа байна л гэж байгаа.

-2020 онд Ардчилсан нам сонгуульд ороод яллаа гэж бодоход МАН-ын хэрэгжүүлж ирсэн бодлогыг бас л үгүйсгэх үү. 2030 он хүртэлх хөгжлийн бодлого гээд баталж байсан. Энэ бодлогын баримт бичгүүдийн хэрэг гардаг юм уу?

-Төрийн уламжлалт чанар хадгалагдах ёстой гэдэгтэй би санал нэг байдаг. Харамсалтай нь олон зүйл дээр хадгалагдахгүй байна. Нэг улс төрийн хүчин гарч ирээд нөгөө улс төрийн хүчний бодлогыг үгүйсгэж, гэмт хэрэгтэн мэтээр хардаг нь маш буруу. 2012-2016 онд бид хөгжлийн бодлогыг шинээр гаргаж ирж тавьсныг олон хүн анзаараагүй. Түүнээс өмнө төсөвт дулдуйдсан уул уухайн том бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалт дээр амьдарч ирсэн улс байсан юм. 2012-2016 онд ийм хүндрэл ирнэ гэдгийг муу, сайн ч гэсэн төсөөлж байлаа. Оюу толгойн далд уурхайн хөрөнгө оруулалт эхлэхгүй бол гадаад хөрөнгө оруулалт байхгүй боллоо, уул уурхайн бүтээгдэхүүний үнэ унахад яах вэ гэдэг дээр хийгдсэн тооцоолол. Үнэндээ тухайн үед их мөнгөтэй засгийг хүлээлгэн өглөө гэж ярьдаг боловч Монголбанкны дансан дээр бичигдсэн гадаад валютын жаахан нөөц байснаас төсөв цагаарчихсан байсан. Нөхцөл байдлыг мэдрээд цоо шинэ хэд хэдэн зүйл хийсэнд одоо ч итгэл үнэмшилтэй байдаг. Өнөөдөр харааж, ерөөгөөд байгаа Чингис, Самурай бондыг босгоогүй бол улс мөнгөгүй болчихсон байлаа. Тэглээ гээд бид өмнө эрх баригчдыг буруутгалгүй өмнөх ажлаа хийсэн. Монгол Улс тусгаар улсын хувьд хувь заяагаа яаж шийдэх вэ гэдгээ өөрсдөө мэдэх болохоос гаднаас хараат байдлаар шийдэж болохгүй. Эдийн засаг хүндэрсэн ч иргэдээ ажилтай, орлоготой, хоолтой байлгахын тулд ямар цэг дээр хүрэх ёстой вэ гээд ипотек гэдэг зүйл дээр очиж байлаа. Ипотек маш олон хүнийг ажлын байраар хангах, үндэсний бүтээн байгуулалтын ажил эхэлж байсан. Энэ ипотекийн ард хэдэн мянган гэр бүл тэжээгдэж байсан байхгүй юу. “Сайн” хөтөлбөрүүдийн ард малчид, оюутнууд тэжээгдэж байсан. Бид мөнгө байхгүй гээд суугаад байсан бол инфляци, валютын ханш хэд болох байсан юм. Бүгд ойлгомжтой зураг. Харин энэ үед монголчууд хүнд цагт хөдөлмөр хийдэг гэдгийг харуулсан. Тэр үед Монголоос гардаг хүн цөөн, зарим нь “эх орондоо ирье” гэж ярьдаг байлаа. Зам, гудамж талбайгаас эхлээд олон зүйлийг хийхэд ажлын байр ихээхэн нэмэгдэж байв. Өнөөдрийн дүр зурагтай харьцуулаад бод доо. Тухайн үеийг бодоход өнөөдрийн эдийн засаг нартай сайхан өдөр шиг байна. Тэгсэн мөртлөө Монгол гэдэг тусгаар улсынхаа мөн чанарыг алдаж эхэллээ. Эдийн засаг өсч байхад бид яагаад ОУВС-гаас зээл авч тэдний заавраар өөрсдийнхөө асуудлуудыг шийдүүлэх ёстой юм бэ. Ядаж хүүхдийн мөнгөө асууж, хүнд хэцүү үед ч гэсэн ажлын байраа хадгалж ирсэн аж ахуйн нэгжүүдийг яагаад нэмж дарамтлах ёстой юм бэ. Хуримтлалгүй байгаа иргэдийг ажилласных нь төлөө яагаад татвар нэмж авах ёстой юм бэ. Эдийн засаг өнөөдөр илүү сайжирсан юм бол тэр үеэс илүү иргэдийг хөдөлгөх бодлого хэрэгжүүлэх ёстой юм байгаа биз дээ. Ганц төсвийн бодлого явуулах байсан юм бол ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах ямар шаардлагатай байсан юм гэдэг асуудал үүсч байгаа. Өнөөдөр харамсалтай нь бид буцаад төсөвт дулдуйдан амьдардаг боллоо. Хуучин руугаа эргээд орж, халамжийн бодлого нь өсчихлөө. Хүнээр юм хийлгэх биш, ангаахайны аманд хоол хийж өгдөг шиг төсвийн бодлого яваад эхэлсэн. Биднийг халамжийн улс болгох гээд байгааг яагаад анзаарахгүй байгаа юм бэ. Төсвөөс гадуур хийгдэж байгаа ямар ажлууд байна, яагаад зогсов. Олон жил явж ирсэн бүтээн байгуулалтын ажлууд эдийн засаг өсч байхад яагаад гацаад эхлэв. Яагаад шийдэл байхгүй байна вэ гэдэг асуулт мөн биз дээ.

-Ардчилсан намын үед тавьсан өрийг дараад олсон таван төгрөг нь байхгүй болчихоод байгаа юм биш үү?

-Ардчилсан нам, Ардын намын тавьсан өр гэж байхгүй, Монгол Улсын өр гэж байгаа юм. Монгол Улсын өр сүүлийн 20 гаруй жилд ямар хэмжээний өр тавьсан бэ гэдэг тооны үргэлжлэл явж байна. Олон Засгийн газрын үед тавьсан өр өнөөдрийг хүртэл явж байна. Өрийг өрөөр дарж, хүүг багасгасан нь тэгж шоудаад байх зүйл биш. Хэдийгээр дотоод өрөө дарж байгаа нь сайн. Гэхдээ дотоод өрийг гадаад өрөөр дарж, гадаадын өрийг нэмж байгаа нь буруу. Хүү бага гэж бүү гайхуул, өр л бол өр. Ардчилсан намын үед хоёр тэрбум ам.долларын өр тавилаа гэж шүүмжлээд байсан бол өнөөдөр 6-7 тэрбум ам.долларын өр нэмэх тухай яриад хэрэгжүүлээд явчихлаа. Дотоодын банкуудад тавьсан өр, гадаадад тавьсан өр хоёрын аль нь үндэсний аюулгүй байдалд харш юм. Үүнийг бодож байгаа хэн байгаа юм бэ. Гадаад өр бол гадаад өр. Хүний мөнгөөр хүүдгэнэж эхэлж байгаагаа бид гайхуулах шаардлагагүй. Ямар ч гэсэн үлдсэн хоёр жилийн хугацаанд том бүтээн байгуулалтын төслүүдээ үргэлжлүүлээд, ипотекийн зээлийг явуулж, жижиг, дунд үйлдвэрлэлээ сэргээж, экспортын асуудлаа шийдвэрлэ л дээ. Хоорондоо хэрэлдэхээ боль. Монголоороо нэг хэрэлдэж, талцдаг боллоо. Үүнийг ардчилсан нам өдөөгөөгүй, үнэмлэхүй олонх өөрсдөө өдөөж байгаа гэдгээ ухаарах цаг болсон. Энэ чинь Монголын хувь заяаны асуудал. Түүнээс биш сөрөг хүчний есхөн гишүүн тэнд сөрөг хүчний үүргээ гүйцэтгэсний төлөө Монгол Улсыг үймээн самуунд орууллаа гэвэл түүн шиг ташаа зүйл байхгүй.

-Оюу толгойг юу гэж харж байна вэ. Улам шахаанд ороод байгаа юм биш үү. Ажлын хэсэг гарсан гээд байгаа. Ажлын хэсгийн гишүүд нь гоё харагдахын тулд дахиад л популизм хийгээд явах байх даа?

-Оюу толгойн гэрээг байгуулсан болон далд уурхайн бүтээн байгуулалтын гэрээг хийсэн хүмүүсээ барьж аваад шоронд хийчихдэг. Хэн ч дуугарахгүй юм. С.Баярын төлөө МАН-ынхан дуугармаар санагдах ч тэгэхгүй байна. Оюу толгойн гэрээг байгуулахад засагт байсан 4-5 хүн өнөөдөр Их хуралд сууж байгаа ч хэн ч юм ярьдаггүй. Оюу толгой Монголын эдийн засгийг тэлсэн ч Монголын хөгжлийг авч ирээгүй шүү гэж өмнө нь танд ярилцлага өгөхдөө би хэлж байсан даа. Энэ үг улам батлагдаж байна. Тэлсэн энэ том эдийн засгийг цаашид авч явахын тулд Оюу толгойн гэрээг зөв сайжруулаад явах ёстой. Ажлын хэсэг байгуулсан. Тэд Оюу толгойн гэрээн дээр нухацтай хандаасай гэж боддог. Засч сайжруулах зүйл бий гэдэг дээр саналаа хэлнэ. Оюу толгойн 34 хувийг өндөр хүүтэй дамжуулан зээлж байгаа асуудалд анхаарах ёстой. Мөн Оюу толгойн баяжмалын орлого нь Монголын банкаар дамжихгүй байгаа асуудалд анхаарал хандуулах хэрэгтэй. Тал талдаа харилцан ойлголцоод засч сайжруулах зүйлс бий.

-Оюу толгойг тойроод баривчилгаа явах юм. С.Баяр, Ч.Сайханбилэг, С.Баярцогтоос эхлээд хэд хэдэн хүнийг шоронд хорьж байна. УИХ-ын гишүүд үгээ хэлэхгүй байна гэж та хэлсэн. Харин та өөрөө ямар байр суурьтай байна вэ?

-Шалгах ёстой зүйл байгаа бол шалгах ёстой. Шоронд хорьж байгаа нь буруу. Ямар нэгэн шалтаг, шалтгаан байгаа бол үүнийг шалгах ёстой тул хэн нэгэн саад, тээг болж болохгүй. Би ч гэсэн Их хурлын гишүүний хувьд тээг болж болохгүй ч нэг зүйл ажиглаад байгаа юм. Монгол Улс Ерөнхий сайд, сайд байсан хүмүүсээ шууд баривчилдаг нь ямар учиртай юм бэ. Хилийн хориг тавиад явчихад л болно. Тэр хүмүүс зугтана гээд байгаа юм уу. Харин ч өөрсдөө шалгуулъя гээд гадаадад байж байгаад ирээ биз дээ. Хорихгүйгээр асуудлыг шийдэх олон зам бий. Тэд төрийн бодлогыг нуруундаа үүрч явсан шүү дээ. 1937 оноос хойш Монгол Улсад ийм зүйл огт гараагүй. Тэр тусмаа ардчилсан Монгол Улсад. 1937 онд Ерөнхий сайд нараа баривчилж, Орост аваачин буудуулж байсан. Оюу толгойн гэрээ бол тэр үеийн УИХ, Засгийн газрын гаргасан төрийн шийдвэр. Төрийн шийдвэрт алдаа, оноо аль аль нь байдаг. Гэхдээ ерөнхий том зургаараа Монголын эдийн засаг тэлсэн. Би чуулганы хуралдаан дээр ч гэсэн өөрийн байр сууриа илэрхийлсэн. Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалт орсон тулдаа эдийн засаг эерэг яваа юм. Түүн дээр нь одоо эрх баригчид бүжиг эргэж байгаа шүү. Эрх баригчид 2019 оны үндсэн чиглэлд өөрсдөө эдийн засаг өссөн асуудал нь 2016 онд далд уурхайн анхны хөрөнгө оруулалтаас 400 сая ам.доллар, 2017 онд 800 сая ам.долларын шууд хөрөнгө оруулалт орж ирж Монголын эдийн засгийн өсөлтөд эерэгээр нөлөөлсөн гээд цагаан дээр хараар биччихсэн. Энэ өсөлтийг бий болгосон хүмүүсээ шоронд аваачаад хийчихсэн. Цаашаа энэ төсөл явах юм уу, үгүй юм уу. Шийдлээ хий л дээ. Энэ бүхэн чинь Монголыг талцуулж, нийгмийг хоёр хуваачихаад байна. Хэнд ашигтай юм энэ нь. Том бүтээн байгуулалтуудаа хий. Сүүлдээ бүгд айгаад эргэлзээд эхэллээ. Төмөр зам алга. Нефть боловсруулах үйлдвэр яваасай гэж боддог. Зэс хайлах үйлдвэрийн төсөл сураг алдарлаа. Эрчим хүчний үйлдвэрүүдийг ярьж байсан бүгдийг зогсоосон. Энэ бүхэн хаашаа цэгцрээд байна. Өнөөдөр Монголд юм хийж бүтээх сонирхолтой ямар хүн байна вэ. Бүх том бизнесүүдийг чимээгүй болгосон. Засгийн газартай хэлэлцээд хийж байсан зүйлсийг нь улстөржөөд цавчаад унагасан. Монголд амаараа улстөржиж, ажил гацаадаг зүйл их болсон. Одоо болно. Ажил хийдэг хүмүүсээ дэмжихгүй юм уу, хэн юм хийх юм бэ. 76 гишүүн лав юу ч бүтээхгүй. Зүгээр л саад болохгүй байх хэрэгтэй. Монголыг баялаг бүтээдэг, бизнес эрхэлдэг зоригтой, том үйлдвэрүүдийг босгох чадалтай аавын хүүхдүүд бүтээнэ. Би бүх зүйлд эрүүл байх юмсан гэж хүсдэг. Эрдэнэбат гэдэг хувь хүнийг элдэв зүйлтэй холбож, муу муухай болгож бичдэг. Би ерөөсөө тоодоггүй. Улс орноо л эрүүлээр хар. Бид гуравхан саяулаа. Хоёр том далайн дунд байгаа жижигхэн арал. Яаж амьдрах гээд байгаа юм. Бидний ойлголцол, зөвшилцөл, эв нэгдэл хэрэгтэй болохоос улстөрчдийн хоорондын толхилцол энэ улсад ямар ч ашиггүй.

Булхай луйвар нь ил гарна гэсэн айдастай хүмүүсэнэ улстөрийг зохион байгуулалттай эхлүүлсэн

-Таныг чинь 49 хувийг өмгөөлж хамгаалдаг гэх юм билээ. Тэгээд л цоллоод байна шүү дээ?

-Намайг янз бүрийн зүйлтэй нэр холбож байгаа. Би Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг Монгол нутагтаа оруулж ирэх шийдвэрт гарын үсэг зурсанаа өнөөдөр ч зөв гэж боддог. ОХУ-ын байсан өмчийг Монголд оруулж ирсэн юм. Монголын ард түмэн үүнээс болж огт хохироогүй юм аа. Явдаг журмаараа яваад шийдэгсэн бол аль хэдийнэ нэг талдаа гарах байсан. Гэвч улс төржүүлсэн.

-Энэ 49, 51 хувийн маргаан хэдэн жил ч үргэлжилж мэдэхээр байна...

-Шуудхан хэлье. Ард түмний өмч нэрийн доор улстөрчдийн олон жилийн булхай луйвар, хулгай хувийн өмчид очингуут ил гарна гэсэн айдастай хүмүүс энэ улс төрийг зохион байгуулалттай эхлүүлсэн.Өмнө нь Лхүмбэ, Данзан, Бодоогийн хэрэг гэдэг шиг янз бүрийн хоч зүүж байгаад Эрдэнэбатыг 49-ийн бүлгийн гэмт хэрэгтэн гэдэг шиг болгох юм байна л даа. Би хэн нэгнээс авлига горьдож, 49 хувиас хувьцаа горьдож гарын үсэг зураагүй юм. Би уурхайчин хүн. Тэнд ямар хүмүүс, ямар хамт олон, уурхайн ажил яаж явдгийг дэндүү сайн мэднэ. Ямар үед уурхай ашигтай ажилладгийг ч мэднэ. Одоо Монголынхоо дотоодын зовлон болгоод орхисон. Би 51 хувь шиг ард түмний нэр барьж хулгай хийгээ юу, худлаа яриа юу. Ах дүү нартаа албан тушаал өгөө юу, сэлбэг материал 10 нугалж зараа юу. Ард түмний өмч байгаад уурхай ашигтай байдаггүй юм. Наадах чинь өөрөө популизм. Уурхай өгөөжөө өгч байгаа үед л ашигтай байдаг. Өгөөжийг маш сайн менежмэнтийн баг хийдэг болохоос улстөрчид хийдэггүй юм. Хэрэв Эрдэнэтийг өгөөжтэй ажиллуулна гэж байгаа бол төр хувийн хэвшлийн түншлэлээр хийх ёстой юм.

-Эдийн засгийг тэлэхийн тулд том төслүүд хөдөлгөх зайлшгүй шаардлагатай. Том төслүүдийг хөдөлгөхийн тулд аж үйлдвэрлэл нэн тэргүүнд чухал. Жижиг зүйлээр хөөцөлдөөд эдийн засаг сайжирдаггүй юм байна гэдгийг хангалттай харлаа. Аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх боломж ямар байна вэ?

-Аж үйлдвэрийн бодлого хол болж эхэлсэн. Дахин уул уурхайн салбарт түшиглэсэн байдал руу явж байна. Ганц тулгуурт эдийн засгийн зовлон энэ. Ухаантайсан бол эдийн засгийн өсөлтийн үед хуримтлалыг бий болгох ёстой. Хуримтлалын сангаараа бид төсвийн алдагдлаа нөхөж байгаа юм. Үүнийгээ зөв гэж хамгаалаад байгааг нь буруу. Төсөвт дулдуйдан амьдарч байхад хэзээ ч эдийн засгийн бодит өгөөж гарахгүй. Орлого нэмэгдэхийн хэрээр зардал нь данхайгаад л байна. Тэр зардал нь Монголын бүтээн байгуулалтын ажилд орж шалихгүй. Хэдэн сургууль, цэцэрлэг барина. Сургууль, цэцэрлэг хэрэгтэй ч үүгээр Монголын эдийн засгийг хэмжиж болохгүй. Монголын эдийн засаг чөлөөтэй байх ёстой. Болж өгвөл жижиг зах зээлийг тэтгэхийн тулд өндөр татвараас зайлсхийх шаардлагатай. Иргэдийн орлого, жижиг дунд бизнес эрхлэгчдийн борлуулалтын орлогоос татвар авдгаа л больчих. Бид дундаж давхаргыг бий болгохын төлөө яваа. Та нар минь мундаг шүү гэж байгаад Монголыг халамжийн орон, өрийн сүлжээ рүү түлхээд эхлэв үү гэж харж байна. Хангалуунаа байг гэхэд бид сэтгэл ханамжтай амьдрах ёстой биз дээ. Үүний тулд Засгийн газар бодлогоо зөв хийх хэрэгтэй.
-Засгийн газрын гишүүд чинь айдастай байгаа юм биш үү. Ч.Хүрэлбаатар сайд “Том төслүүдийг хөдөлгөх шийдвэр гаргасан хүмүүс шоронд орж байна” гээд хэлсэн байна лээ...?

-Айдсыг тэд өөрсдөө бий болгосон. Хэтэрхий буруу улстөржилт хүний хоол болдог гэдгийг ойлгох хэрэгтэй. Бие биенээ ад шоо үзээд хэн ч биш болголоо. Төрд очиж байгаа хүн бүр нэр, нүүрээ барж, хулгайч гэж хэлсэн хүн өөрөө хулгайч болж хувирлаа. Энэ төрд дотроо ярих сэдэв, иргэдэд нээлттэй сэдэв гэж бий. Харамсалтай нь бид төрийн торгон ухаанаа алдчихсан байна.

-Эдийн засгийн өсөлт гарсан гээд байгаа ч өнөөдөр хүүхдийн мөнгөний асуудлаа бид шийдэж чадахгүй байна. Та бол ОУВС-гаас бүх зүйлээ асуудаг боллоо гэсэн. Хүүхдийн мөнгийг 100 хувь олгох боломж байна уу?

-Хүүхдийн мөнгөөр улстөржиж болохгүй. Хүүхдийн мөнгийг 100 хувь олгох бүрэн боломж өнөөдөр Монголын төрд байгаа. 40 тэрбумын боломжгүй юм уу. 40 тэрбумыг гаднаас асууж байна гэдэг бол тусгаар улсынхаа статусыг алдсан байна гэж уншигдана. 400 тэрбум байсан бол арай өөр асуудал. ОУВС хүүхдийн мөнгийг 100 хувь олгож болохгүй гэж хэлээ ч үгүй. Хүүхдийн мөнгөөр улс төр хийж байгаа нь үнэн. Эрх баригчид 2019-2020 онд хүүхдийн мөнгийг 100 хувь олгохоор боллоо гэж шоу хийнэ. Зорилтот бүлэг гээд Нийгмийн хамгааллын тухай хуульд өөрчлөлт оруулаад Хүний хөгжил сангаас гараад Нийгмийн хамгааллын санд оруулчихсан учраас болохоо больчихсон гэдэг. Болохоо больсон зүйлийг засах боломж 65-д бий. Хуулиа л өөрчилчих. Нийгмийн хамгааллын тухай хуулийн ганцхан заалтыг өөрчлөөд асуудал шийдэгдэнэ. Долоохон хоногийн ажил. Үүнийг яагаад хүсэхгүй байгаа юм. Хүсэхгүй байгаа нь хүүхдийн мөнгөөр улс төр хийж тоглож байгаа. Эрх баригчид зорилтот бүлгийн талаар ярьдаг. Зорилтот бүлэг гэвэл бүх хүүхэд зорилтот бүлэг мөн. Эцэг эхийн асрамжинд байдаг Монголын ирээдүйг баян, ядуугаар нь ялгадаг нь логикийн хувьд асар буруу. Төр ямар хүмүүсээ зорилтот бүлэг гэх вэ гэдгээ тодорхой болгочих. Монголын бүх хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмадууд нйигмийн халамжид хамрагдах ёстой зорилтот бүлэг чинь энэ. Жилийн өмнө 60 хувь байсан зорилтот бүлгийн хүүхдүүд яагаад нэг жилийн дараа 80 хувь болчихдог юм. Ямарыг нь зорилтот бүлэг гэж хуваагаад 20 хувийг нь яаж нэмчихэв гэхээр тайлбар өгөх хүн байдаггүй. Ажлын хэсэг байгуулж, Ерөнхийлөгч, Засгийн газрын хуулийг хамтад нь хэлэлцэхээр болсон нь зөв хувилбар. Их хурал үүн дээр эрүүл хандсан. Байнгын хороо буруу хандсан. Ажлын хэсэг байгуулагдаад анхны хуралдаанаараа хүүхдийн мөнгийг 100 хувь олгоё гэдэг дээр санал нэгдээд гарсны дараа асуудал өөрчлөгдсөн. Яасан гэтэл Ардын нам бүлгээрээ хэлэлцээд олонхын саналаар 80 хувь дээр тогтсон гэсэн. Үүнийг юу гэж ойлгох вэ. Энэ тун харамсалтай зүйл болно. Бүлгийн шийдвэр гээд зүгээр л 65 кноп автоматаар ажиллаж, дахиад бид бодлогын алдаа руу орно. Зарим айл хүүхдийн мөнгө авдаггүй гэж байна, эрх баригчид. Хүний амьдрал сонин шүү дээ. Өнөөдөр болж байгаа амьдрал маргааш болохоо байсан олон жишээ бий. Хүүхдүүдийн аав, ээж мөнхийн баян, нөгөө хэсэг хүүхдийн аав, ээж мөнгийн ядуу байх юм уу. Яагаад бид амьдралыг бодитоор харж чадахгүй байгаа юм бэ.

Дархан, Сэлэнгэ эрчимжсэн мал аж ахуйн бүс нутаг байх ёстой нь тодорхой болсон

-Танай тойргийн тухай асуудал өнгөрөгч Засгийн газрын хуралдаанаар орж Газар тариалангийн бүс нутгийг зарласан байна лээ. Сэлэнгэ аймаг бүхэлдээ үүнд хамаарах ёстой байх. Таны байр суурь ямар байгаа бол?

-Сэлэнгэ аймаг хөдөлмөрийн нөөцтэй, үржил шимт хөрстэй арвин баялагтай нутаг. Том утгаар нь харвал Сэлэнгэ Монголыг хүнсээр тэжээж байгаа. Харамсалтай нь олон жил бодлогогүй явж ирсэн нь манай аймагт том зөрчил үүсгэж байна. Би бүх судалгааг нь хийлгэж дууссан. Уул уурхай, газар тариалан, малчид гэсэн гурван том зөрчил үүссэн. Улс орны эрх ашгийн хувьд бид аль нэг сонголтыг хийх ёстой. Бид дөрвөн жил энд суух гэж тэнд нэр зүүж очоогүй. Би тэр бүс нутгийг амьдралтай бүс нутаг байлгах ёстой гэж хардаг. Дархан, Сэлэнгэ Монгол Улсыг үеийн үед хүнс тэжээлээр хангаж байх ёстой юм байна гэдэг нь ойлгомжтой болсон. Үүнийг бодлого болгох ёстой гэдэг хатуу байр суурьт хүрсэн. Энэ нь зарим хүнд таалагдаад заримд нь таалагдахгүйг ойлгож байна. Гэхдээ газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйн бүс нутаг байх ёстой юм байна гэдэг нь тодорхой болсон. Сэлэнгэд уул уурхай эрхэлбэл ирээдүйд Монгол Улсын хүнсний хангамж байхгүй болно. Тэнд хэн дуртай нь газар ухаж, мал аваачиж, газар хагалж ногоо тарьж байна шүү дээ. Эдийн засгийн үр өгөөж байхгүй амь амиа бодсон зүйл олон жил явсан. Тиймээс эрэмбэтэй цэгцлэх ёстой. Эрэмбэтэй цэгцлэгдсэн газар эдийн засгийн өгөөж бий болдог. Сэлэнгэ аймагт уул уурхайн 200 лиценз байгаагийн 90 хувь нь алтных. Тэр тэжээх нутгаа эвдээд дуусах нь Монголын эрх ашиг биш. Тэр 200 лицензийг эргэж хараач гэсэн байгаа. Дахиж нэмж лиценз бүү олго. Хайгуулын лицензүүдийг зогсоох хэрэгтэй. Надад ямар нэгэн эрх ашгийн зөрчил байхгүй. Энэ Эрдэнэбатын асуудал биш, энэ газар нутгийг амьд авч үлдэх тухай асуудал юм. Монголын ард түмний амь амьдралтай холбоотой. Газар нутгаа сүйдэлж дуусчихаад хаана нь бид хүнсээ тарих юм.

Эх сурвалж: "Өдрийн сонин" Э.Энхболд



 
 

  МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ


  ХОЛБООТОЙ МЭДЭЭ

   УИХ-ын гишүүн Д.Гантулга гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
2018-06-11  
  

   Д. Гантулга чөлөөлөгдөх хүсэлтээ тавьж байна
2018-06-11  
  

   Тэр эхний алхамаа хийлээ
2018-06-11  
  

   Д.Оюунхорол: Д.Гантулга, Д.Мурат нарын асуудлд Ерөнхийлөгчөөр хориг тавиулна
2018-06-11  
  

   МАН-ын бүлэг Д.Гантулга гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэв
2018-06-08  
  

   ВАН И-Д ИЛГЭЭСЭН “ЗУРВАС” Н.АЛТАНХУЯГИЙНХ БАЙЖЭЭ
2018-06-08  
  

   Д.Цогтбаатар: ШХАБ-д элсэх яриа гарснаас хойш хоёр хөрш рүүгээ их дайрч байна
2018-06-08  
  

   Ц.Гарамжав гишүүний хүргэн “Оюу Толгой”-оос халагдах өргөдлөө аль хэдийнэ өгчээ
2018-05-30  
  

  ШУУРХАЙ МЭДЭЭ



ЕРӨНХИЙ САЙД ШАДАР САЙД ЗАСГИЙН ГАЗАР ЯАМД АГЕНТЛАГ АЙМАГ ДҮҮРЭГ
Тагнуулын ерөнхий газар

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар

Үндэсний хөгжлийн газар

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар

Онцгой байдлын ерөнхий газар

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Стандартчилал, хэмжил зүйн газар

Худалдан авах ажиллагааны газар

Оюуны өмчийн газар
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Гадаад хэргийн яам

Сангийн яам

Хууль зүй, дотоод хэргийн яам

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Батлан хамгаалахын яам

Барилга, хот байгуулалтын яам

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

Зам, тээврийн хөгжлийн яам

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Эрчим хүчний яам

Эрүүл мэндийн яам

Цагдаагийн ерөнхий газар

Хил хамгаалах ерөнхий газар

Зэвсэгт хүчний жанжин штаб

Цаг уур, орчны шинжилгээний газар

Гаалийн ерөнхий газар

Татварын ерөнхий газар

Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газар

Архивын ерөнхий газар

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар

Гадаадын иргэн, харьяатын газар

Тахарын ерөнхий газар

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар

Иргэний нисэхийн ерөнхий газар

Ашигт малтмал, газрын тосны газар

Соёл, урлагийн газар

Биеийн тамир, спортын газар

Мал эмнэлэг, үржлийн газар

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Баян-Өлгий

Баянхонгор

Булган

Говь-Алтай

Говь-Сүмбэр

Дархан-Уул

Дорнод

Дорноговь

Завхан

Орхон

Өмнөговь

Сэлэнгэ

Төв

Увс

Ховд

Хөвсгөл

Хэнтий

Архангай

Сүхбаатар

Өвөрхангай

Дундговь

Баянзүрх

Баянгол

Багануур

Багахангай

Налайх

Сүхбаатар дүүрэг

Хан-Уул дүүрэг

Сонгинохайрхан

Чингэлтэй

Улаанбаатар хот